Нүүр


Мэдээлэлзүйн шинжлэх ухааны хамгийн анхдагч язгуур ухагдхуун нь мэдээлэл юм. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйлс, тэдгээрийн шинж чанар, үзэгдэл, үйл явцыг илэрхийлсэн аливаа дохио нь мэдээлэл юм. Ганц тэмдэгтээс авахуулаад зузаан зузаан боть ном, жижигхэн дүрснээс авахуулаад эргэн тойрны зураг дүрслэл, бяцхан анираас авахуулаад бүхэл бүтэн найрал хөгжим, эгэл үйлдлээс авахуулаад иж бүрэн хувьсал хувирал хүртэл, бүхий л үнэр, өнгө, тоо, тэмдэгтийг хамарсан өргөн ойлголт бол мэдээлэл. "Хүний гадаад орчноос тусгагдаж мэдрэгдэж байгаа аливаа зүйл нь мэдээлэл болно. Тэрхүү мэдээллийг хүний хэл яриа, дохио зангаа, дуу авиа, зураг дүрслэлээр дүрслэн тодорхойлж болно. Зураг, дүрс, дуу, авиа, хөгжим, бичиг, тоо, үйл явдал, үзэгдэл, шинж чанар, хэмжээ хэлбэр бүгд л мэдээллийн дүрслэл юм. Тэр ч байтугай өнгө, үсэг, цифр, чимээ анир, зэргээс авахуулаад үүх түүх, байгаль дэлхий, цаг хугацаа, орон зай хүртэл мэдээлэл билээ." гэж мэдээллийн тухай ойлголтуудыг хялбаршуулан тодорхойлсон байдаг. Тэгвэл зарим ном товхимолд мэдээлэл нь өгөгдөл ба түүнийг хувиргах арга хоёрын харилцан үйлчлэлийн үр дүн гэж тодорхойлсон.

Мэдээллийг хүлээн авах
Мэдээллийг хүн өөрийн мэдрэхүйн эрхтнүүдээр дамжуулан хүлээн авна. Эдгээр эрхтний тоонд нүд, чих, хамар, хэл, арьс зэрэг орно. Тэдгээр нь харах, сонсох, үнэртэх, амтлах, хүртэх зэргээр гадаад орчны тухай дохиоллыг хүнд хүргэх ба тэр нь мэдрэлийн тогтолцоогоор дамжин оюун ухаанд хүрдэг. Ийнхүү хүлээн авч байгаа дохионууд нь мэдээлэл билээ. Тэгэхлээр аливаа мэдээлэл нь өнгө дүрс, дуу авиа, үнэр, амт, хэлбэр хэмжээ байдлаар тусгагдаж байдаг ажээ. Тодорхой судалгаа явуулж, хүн хүлээн авч байгаа мэдээллийнхээ хэдэн хувийг нь ямар эрхтнээр хүртдэг болохыг тогтоосон байдаг. Ингэхэд хүн нийт мэдээллийнхээ 90%-ийг хараагаар, 9%-ийг сонсголоор авдаг ба үлдсэн 1%-ийг мэдрэхүйн бусад эрхтнээрээ хүлээн авдаг гэсэн үр дүн гарсан байв. Нөгөө талаас ихэнх мэдээллийг мэдрэхүйн олон эрхтнийхээ тусламжтайгаар, тал талын шинж чанарыг нь зэрэг таних замаар цогцоор нь хүртдэг.

Ж. Тайзан дээр дуучин гарч ирлээ гэхэд түүний гадаад төрх, царай зүс, хувцаслалт болон нүүрний хувирал зэрэг олон зүйлийг хараагаар хүлээн авахаас гадна, дууны ая, хоолойны өнгө  зэргийг сонсголоороо хүлээн авах ба ирж байгаа мэдээллүүд хоорондоо холбогдон, нэгэн төрхийг бий болгон  оюун ухаанд хадгалагдан үлддэг.
Ж. Хоол ундыг бол ихэвчлэн орц хэмжээ, өнгө зүс, амт, үнэр зэргээр нь үнэлдэг шүү дээ.
Ж. Дэлгүүрээс ямар нэгэн хувцас худалдан авах болоход түүний материалын зузаан нимгэн, чанар чансааг харахаас гадна, барьж имэрч үздэг нь түүний тухай мэдээллийг хүрэлцэхүйн эрхтнээрээ дамжуулан, харах эрхтэнтэй хамсран хүлээж авч байна гэсэн үг.

Хэл нь дүрслэх арга 
Хүний оюун ухаанд мэдрэхүйн эрхтнүүдээр дамжин ирсэн мэдээлэл оюун ухаанд хуримтлагдсан өгөгдөл мэдээллийн байдлаар хадгалагддаг. Түүнийг нь хүн мөн илэрхийлэн гаргаж болдог. Тухайлбал тоглолтон дээр үзсэн дуучныхаа тухай ч юм уу, үдийн цайнд идсэн хоолныхоо тухай хэн нэгэнд санал бодлоо хэлж, дүрслэн тайлбарлаж ярьдаг шүү дээ. Мэдээллийг дүрслэх арга нь хэл юм. Аливаа мэдээлэл, түүний шинж чанарыг тухайн хэлний үг, өгүүлбэрийн тусламжтайгаар ямар нэгэн байдлаар ямагт илэрхийлж болдог. Дэлхий дээр маш олон хэл байдаг бөгөөд тэдгээр нь бүгд л тухайн үндэстнийхээ хувьд мэдээллийг дүрслэх, илэрхийлэх үүргийг гүйцэтгэдэг. Хэл болгон өөр өөрийн онцлогтой ч ямар ч мэдээллийг дүрслэх боломжтой. Тухайлбал олон хэл мэддэг хүн бол тухайн мэдээллийг хэд хэдэн хэлний тусламжтайгаар дүрслэх чадвартай байна гэсэн үг болох нь ээ.
Гэтэл хэлнээс гадна өөрийн хөдөлгөөн, дохио зангаагаар ч мөн мэдээллийг дүрсэлж болно. Тухайлбал олуулаа хамт байхдаа хэн нэгэнд нь бусдаас нууцлан ямар нэгэн юм ойлгуулах шаардлагатай болоход бид гар хурууны хөдөлгөөн, нүүр царайны хувирлаар сэмхэн дохио илгээн цаад хүндээ ойлгуулдаг. Энэ нь мэдээллийг дүрслэх бас нэгэн хэлбэр юм. Цаашилбал хүмүүс төрөл бүрийн ажил гүйцэтгэж байхдаа дуу авиагаар харьцах боломжгүй үед гар хуруу, биеийн хөдөлгөөнөөр бодлоо илэрхийлэх систем боловсруулсан байдаг.


No comments:

Post a Comment